Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

Монголын Өсвөрийн Шатарчдын Клубуудын Холбооны дүрэм

Нэг. Нэр хаяг

1.1. Монголын өсвөрын шатарчдын клубуудын багш дасгуулагчид, шатарчид, шүүгчид, эцэг эхчүүд, дэмжигчдийг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн энэхүү төрийн бус байгууллагыг монголоор “Монголын Өсвөрийн Шатарчдын Клубуудын Холбоо“ /МӨШКХ/, англиар “Mongolian Youth Chess Club's Association” /MYCCA/ хэмээн нэрлэнэ.

1.2. МӨШКХ нь нийгэм болон гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага мөн тул үйл ажиллагаагаа Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд явуулах ба төрийн бус байгууллагын эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ. 
1.3. МӨШКХ нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод байрлаж үйл ажиллагаагаа явуулах ба аймаг, хотуудад өөрийн салбартай байж болно. 
1.4. Холбоо нь ...... оны .....-р сарын .....- ний өдөр санаачлан байгуулагчдийн анхдугаар хурлаар байгуулагдсан бөгөөд энэ өдрийг тус холбоог үүсгэн байгуулсан өдөр гэж үзнэ. 
1.5. Холбоо нь өөрийн үйл ажиллагааны онцлогийг харуулсан эмблем, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэж банкинд харилцах данстай байна.


Хоёр. Зорилго 
2.1. Холбооны үндсэн зорилго нь:

• Хүүхэд багачуудыг шатрын спортод өргөнөөр татан оролцуулах, тэдний оюуны чадавхийг дээшлүүлэх, улмаар оюунлаг, бүтээлч Монгол улсыг цогцлоон бий болгоход хувь нэмэр болох 
• Өсвөрийн шатарчдын ур чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлснээр тив дэлхий, олон улсын тавцанд өрсөлдөхүйц шатарчдыг бэлтгэн гаргаж Монгол улсын шатрын хөгжилд нэмэр хандив оруулах 
• Өсвөрийн шатарчдын эрх ашгийг хамгаалах, тэдний ашиг сонирхол, дуу хоолойг нэгтгэн олон нийт, төр засгийн байгууллагад хүргэх зэрэг болно.

Гурав. Үйл ажиллагааны үндсэн чиглэл


3.1. Холбоо нь дүрэмдээ заасан зорилгуудыг хангахад чиглэгдсэн аливаа үйл ажиллагааг явуулж болно. 
3.2. Холбооны үйл ажиллагаа нь дараах үндсэн чиглэлүүдээр явагдана. Үүнд:

• Шатрын сургалт дасгалжуулалттай холбоо бүхий алив асуудлаар санал, зөвлөмж боловсруулан гаргахаас гадна шаардлагатай үед өөрийн байр сууриа илэрхийлсэн мэдэгдэл гаргах

• Төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулах, үр дүнг нь сурталчлах

• Өсвөрийн шатарчдын ололт амжилтыг олон түмэнд сурталчлах, нэр хүндийг нь өргөх

• Өсвөрийн шилдэг шатарчин болон дасгалжуулагч, зүтгэлтнийг төр засгийн болон бусад шагнал өргөмжлөлд тодорхойлж дэмжих, шаардлагатай батламж тодорхойлолт гаргах

• Монголын Шатрын Холбоо болон бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран үйл ажиллагаа явуулах

• МӨШКХ-ны шагнал өргөжлөл олгох

• Олон улсын хэмжээнд хамтын ажиллагаа өрнүүлэх

Дөрөв. Гишүүнчлэл, гишүүний эрх, үүрэг

4.1. МӨШКХ-ны гишүүнчлэл нь оюуны спорт болох шатартай үйл ажиллагаагаа холбон явуулдаг хүмүүс, байгууллагууд болон тэднийг үзэл бодол, үйл ажиллагаа, санхүүгийн хувьд дэмжигч дотоод, гадаадын хүмүүс, байгууллагуудаас бүрдэнэ. Гишүүд нь дараах ангилалд хуваагдана. Үүнд:

• Үндсэн (Шатрын клубуудын багш дасгуулагч, шатрын зүтгэлтэн, МӨШКХ-г бэхжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан Монгол улсын болон гадаад улсын иргэд)

• Дэмжигч (Холбооны дүрэм, үйл ажиллагааг зөвшөөрч саналаараа нэгдэн ажил үйлс, эд материалаар дэмжигч хүмүүс болоод байгууллага) гишүүн байна.

4.2. Гишүүнээр элсэхийг хүсэгч нь энэхүү дүрмийн заалтыг дагаж мөрдөхөө хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдэж өргөдөл гарган МӨШКХ-ноос шийдвэр гаргуулна. 
4.3. Холбооны гишүүн нь дараах нөхцөлд гишүүнчлэлээс хасагдана. Үүнд:

• Өөрийн санал хүсэлтээр холбооноос гарах
• Холбооны дүрэм болон гишүүний үүргээ биелүүлээгүй тохиолдолд
• Гэмт хэрэг үйлдсэн болон сахилга, ёс суртахууны ноцтой алдаа гаргасан тохиолдолд

4.4. Гишүүнээс гарсан буюу хасагдсан хүн гишүүний эрх эдлэхгүй бөгөөд МӨШКХ-ны нэр хаяг, үнэмлэхийг ашиглах эрхгүй болно. 
4.5. Гишүүнээс гарсан буюу хасагдсан хүн гишүүнд дахин элсч болно. Дахин элсэх тухай өргөдлийг шинээр элсэж буйтай адилаар өгч шийдвэрлүүлнэ.

4.6. Гишүүнчлэлээс гараx, хасах асуудлыг МӨШКХ-ны удирдах зөвлөл шийдвэрлэнэ. 

4.7. МӨШКХ-ны гишүүд дараах эрх эдлэнэ. Үүнд:

• Холбооны албан тушаалд сонгох, сонгогдох, нэрээ дэвшүүлэх, татгалзах

• Холбооны үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, гишүүдийн эрх ашгийг хамгаалах талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх 
• Холбооны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар зохих үндэслэл гаргаж их хурал хуралдуулахыг шаардах
• Холбооны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлантай танилцах
• Зохих итгэмжлэлийн дагуу холбоог төлөөлөх, нэр хаягийг хэрэглэх
• Холбооноос зохион байгуулсан хурал зөвлөгөөнд санал өгөх, батлах эрхтэйгээр оролцох 
• Шагнал урамшил хүртэх


4.8. МӨШКХ-ны гишүүд дараах үүрэгтэй байна. Үүнд: 
• Холбооны дүрэм журам, заавар болон хамтын шийдвэрийг дагаж мөрдөх
• Холбооны үйл ажиллагаа, шийдвэр, уриалгыг хэрэгжүүлэхэд идэвхитэй оролцох 
• Холбооны бодлого, үйл ажиллагааг нийтэд сурталчлах, нэр хүндийг хамгаалах
• Холбоог үйл ажиллагаагаараа болон санхүүгийн талаар дэмжих
• Гишүүний татварыг тогтоосон журмын дагуу хугацаанд нь төлж байх. 
• Холбооноос өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлэх.


Тав. Бүтэц зохион байгуулалт, 
хяналтын тогтолцоо

5.1. Холбооны эрх барих дээд байгууллага нь Их хурал бөгөөд ээлжит их хурлыг дөрвөн жил тутамд зохион байгуулж хуралдуулна. Их хурал нь бүх гишүүдийн төлөөлөлийг хангасан байна. Хурлаас холбооны Удирдах зөвлөл (цаашид УЗ гэх) болон УЗ-ийн даргыг дөрвөн жилийн хугацаатайгаар нууц санал хураалтаар сонгоно. Их хурлын хооронд холбооны удирдлагыг холбооны УЗ авч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

• Холбооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах 
• Холбоог өөрчлөн байгуулах, татан буулгах 
• Холбооны үйл ажиллагааны чиглэл, зорилтыг тодорхойлон тогтоож өгөх 
• Холбооны үйл ажиллагааны жилийн төсөвийг батлах 
• Холбооны тэргүүнийг сонгох, чөлөөлөх, түүний тайланг хэлэлцэх 
• Холбооны өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар холбооны тэргүүний эрх хэмжээг тогтоох

5.2. УЗ нь шийдвэрээ зөвхөн хуралдаж гаргах бөгөөд хурлыг УЗ-ийн дарга даргална. 
5.3. Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг УЗ хуралдаанаараа хэлэлцэж шийдвэр гаргах бөгөөд энэ тухайд холбооны тэргүүн Хууль зүйн яаманд бичгээр мэдэгдэнэ. 
5.4. Холбооны УЗ нь ..... гишүүдтэй байх ба эдгээр гишүүд нь үүрэг, даалгавараа гүйцэтгэх явцад гарсан зардлын нөхөн төлбөрөөс өөр бусад цалин, аливаа шагнал авахгүй. Алив асуудлыг шийдвэрлэхэд УЗ-н гишүүд тэгш эрхтэй оролцоно. УЗ-ын ээлжит хуралдааныг гишүүдийн 60%-иас дээш хувийн ирцтэй тохиолдолд хүчин төгөлдөр гэж үзэх бөгөөд хуралдааныг сард 1 удаа зохион байгуулж холбооны тэргүүн хэлэлцэх асуудал, хаана, хэзээ хуралдахыг гишүүдэд 1-2 долоо хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ. Гэвч УЗ нь даргынхаа зөвшөөрөлтэйгээр шаардлагатай тохиолдолд ээлжит бус хуралдааныг яаралтай зохион байгуулж болно. 
5.6. УЗ-ын гишүүнийг чөлөөлөх, нөхөн сонгох асуудлыг УЗ-ын даргын оруулсан саналын дагуу зөвхөн УЗ-ын 80%-иас дээш ирцтэй хуралдаанаар шийдвэрлэнэ. 
5.7. УЗ-ын хуралдаанаар шйидвэрлэх асуудлаар гишүүн сонирхлын зөрчилтэй байвал тухайн гишүүн энэ тухайгаа тайлбарлаж санал хураалтанд оролцохгүй байж болно. УЗ-н хуралдааныг даргалагч сонирхлын зөрчилтэй байвал хуралдааныг өөр гишүүн даргална. 
5.8. УЗ нь хүний асуудлыг нууцаар, бусад асуудлыг илээр санал хураах зарчмаар явуулж, санал хураалтын дүнг гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэн баталгаажуулна. 
5.9. УЗ-ын хуралдааны тэмдэглэлд тухайн хуралдаанаар хэлэлцсэн асуудал, баталсан шийдвэр, нууц санал хураалтыг тоогоор, ил санал хураалтыг нэрээр гаргасан дүн, сонирхлын зөрчилтэй холбогдсон тайлбар гарах шийдвэрийн талаар зарчмын өөр саналтай гишүүний тайлбар зэргийг тэмдэглэнэ. Гишүүн тайлбараа бичгээр гаргана. 
5.10. Холбооны үйл ажиллагаанд тавих хяналтыг их хурлаас сонгогдсон Хяналтын зөвлөл (ХЗ) гүйцэтгэх бөгөөд тэр нь дараах үүрэг, хариуцлага хүлээнэ. Үүнд:

• Холбооны үйл ажиллагаа Монгол улсын хууль тогтоомж, энэхүү дүрмийн дагуу явагдаж байгаа эсэхийг хянах 
• Нягтлан бодох бүртгэл хөтлөлт, тайлан тэнцэл гаргалт, татвар хураамж төлөлт нь хуулийн тогтоомжийн дагуу хийгдсэн эсэхийг шалгах. 
• Гишүүдийн татвар төлөлт, хандивын байдал болон шаардлагатай гэж үзвэл холбооны гадаад харилцаатай холбогдол бүхий баримт бичгийг шалгах 
• Хяналтын зөвлөл шалгасан баримт бичиг, тайлан балансын нууцыг хадгалах үүрэгтэй. 
• Холбооны гишүүд хяналтын зөвлөлд тодорхой асуудлаар гомдол гаргаж болох бөгөөд уг асуудлыг яаралтай шалгаж үр дүнг УЗ-д танилцуулна. 
• Гүйцэтгэх захирлаас шалгалтын ажилтай холбогдсон материалыг шаардаж , гаргуулах эрхтэй.

5.11. УЗ болон ХЗ нь их хуралд ажлаа тайлагнана.


Зургаа. Удирдах зөвлөлийн дарга, 
Холбооны тэргүүний эрх, хариуцлага

6.1. УЗ-ийн дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

• Холбооны үйл ажиллагааны өнөөгийн болон хэтийн төлөв, чиг хандлагыг тодорхойлж зөвлөлөөрөө хэлэлцүүлэн шийдвэр гаргуулах 
• Холбоог гадаад, дотоодод төлөөлөх 
• Төр засгийн байгууллага болоод бусад төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах 
• Хэвлэл мэдээллээр мэдэгдэл хийх 
• УЗ-ийн хуралдааныг даргалах 
• УЗ-ийн шийдвэрийн дагуу холбооны тэргүүнтэй гэрээ байгуулах

6. 2. Холбооны тэргүүн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

• УЗ-өөс олгосон эрх хэмжээний хүрээнд холбоог төлөөлөх, өмч хөрөнгийг захиран зарцуулах 
• Монгол улсын хууль тогтоомж болоод холбооны тэргүүний гэрээнд тусгагдсан бүрэн эрхийг хэрэгжүүлэх

6.3. Холбооны тэргүүнтэй байгуулсан гэрээнд түүний эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, хөлс, урамшуулал зэргийг харилцан тохиролцож тусгана. 
6.4. Холбооны тэргүүн нь өөрийн бүрэн эрхийн хугацаа дууссан нөхцөлд шинэ тэргүүн сонгогдтол албан үүргээ хэвээр гүйцэтгэнэ. 
6.5. Холбооны тэргүүн нь УЗ-д жилийн төлөвлөгөө, төсөвөө хэлэлцүүлж батлуулан авснаар холбооны өдөр тутмын үйл ажиллагааг бүрэн эрхийн дагуу удирдан явуулна. 
6.6. Холбооны тэргүүн нь холбооны жилийн үйл ажиллагааг УЗ-ийн хуралдаанд тайлагнан батлуулаад, дараа оны ..-р сарын ..-ны дотор Хууль зүйн яаманд холбогдох баримт бичгийн хамт хүргүүлсэн байна.

Долоо. Санхүүгийн үйл ажиллагаа

7.1. Холбооны үндсэн хөрөнгийг зөвхөн холбоо өөрөө эзэмших бөгөөд зорилтоо хэрэгжүүлэхийн тулд холбооноос олгосон эрх хэмжээний дагуу холбооны тэргүүн захиран зарцуулна. 
7.2. Холбооны санхүүгийн үйл ажиллагааг Монгол улсын нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу явуулж тухайн жилийн санхүүгийн тайлан тэнцлийг гарган дараа оны ..-р сарын ...-ны дотор харъялагдах дүүргийнхээ татварын албанд өгнө. Тайланд дараах үндсэн бүрдэл, хэсгүүд заавал орсон байна. Үүнд:

• Баланс 
• Орлогын тайлан 
• Мөнгөн гүйлгээний тайлан 
• Хуримтлагдсан хандивын тайлан 
• Нэмэлт тайлбар, тодруулга гэх мэт

7.3. Холбооны санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэл болно. Үүнд:

• Гишүүд, гишүүн байгууллагын татвар 
• Иргэд, гадаад дотоодын байгууллага, хувь хүмүүсээс өгсөн хандив 
• Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого 
• Зээлийн, өвийн болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон хөрөнгө гэх мэт

7.4. Гишүүдийн татварын хэмжээг тухай бүр нь УЗ-ийн хурлаар хэлэлцэн тогтоож байх ба хандивын мөнгөнд хязгаар тогтоохгүй.

7.6. Холбооны орлогыг зөвхөн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулах бөгөөд уг орлогоос ногдол ашиг хувиарлах, хувь хүн, аж ахуйн нэгж, аливаа байгууллагад хөрөнгийн баталгаа гаргах, тэдгээрийн өмнөөс ямар нэгэн төлбөр хийх, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчдэд хандив өргөх зэргийг хориглоно. Мөн түүнчлэн УЗ-ийн гишүүнээс холбооны эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно. 
Найм. Холбоог өөрчлөн байгуулах, 
татан буулгах 
8.1. Холбоог энэхүү дүрэмд заасан зорилгоо бүрэн хэрэгжүүлж дууссан болон дүрмийнхээ зорилгод нийцээгүй үйл ажиллагаа явуулан хууль тогтоомжийг ноцтой, эсвэл удаа дараа зөрчсөнөөр шүүх шийдвэр гаргасан бол, мөн гишүүд дэмжигчидийн 51% санал гаргавал, татан буулгаж болно. Татан буулгах тухай шийдвэрийг У.З-өөс гаргаж энэхүү шийдвэрээ 21 хоногийн дотор нийтэд мэдээлж Хууль зүйн яаманд бичгээр өгч улсын бүртгэлээс хасуулна. 
8.2. Холбоо татан буугдсан тохиолдолд зохих төлбөр тооцоог барагдуулсны дараа түүний эзэмшлийн эд хөрөнгийг ижил төстөй зорилго бүхий төрийн бус байгууллагад шилжүүлэх эсвэл зорилгод нь нийцсэн үйл ажиллагаанд зарцуулна.


Ес. Холбооны сан

9.1. Холбооны дэргэд холбооны үндсэн зорилгыг биелүүлэхэд шаардлагатай үйл ажиллагааг дэмжиж санхүүжүүлэхэд зориулж сан байгуулж ажиллуулж болно. 
9.2. Холбооны дэргэд сан байгуулах асуудлыг У.З-ийн хурлаар шийдвэрлэх бөгөөд сангийн журмыг мөн хурлаар хэлэлцэн баталж мөрдүүлнэ. 
9.3. Холбооны санг хандивийн хөрөнгө болон үйл ажиллагаанаасаа олсон орлогын тодорхой хувиар байгуулна. 
9.4. Сангийн хөрөнгийг захиран зарцуулах шийдвэрийг УЗ гаргах бөгөөд түүнийг хэрэгжүүлэх ажлыг холбооны тэргүүн хариуцаж УЗ-д эргэж тайлагнана. Сан нь жил бүрийн орлогынхоо 50%-иас доошгүй хувийг дүрэмд заасан үйл ажиллагаандаа зарцуулна. 
9.5. Санг татан буулгах тухай шийдвэрийг УЗ гаргана. Татан буугдсан сангийн эд хөрөнгийг холбооны үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулна.

МӨШКХ-ны удирдах зөвлөл