Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

Захидал

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая!

mycca-logoМШХ-ны ээлжит их хурлын төлөөлөгчдийн олонхийн саналыг авч 4 жилийн хугацаагаар сонгогдон ажиллах болсон одоогийн удирдлага, түүний аппарат нь үүрэгт ажилдаа орсноос хойш даруй 2 жил гаруйн хугацаа өнгөрөөд байна. Ажил хийе, өөрчилж шинэчлэе гэсэн үнэнхүү сэтгэл тэмүүлэлтэй баг хамт олонд  бол дээрх хугацаа огтхон ч бага биш хугацаа гэж бодож байна. Гэтэл нэгэн бүрэн эрхийн хугацаа дундаасаа хэдийнээ өнгөрөөд байгаа энэ үед одоогийн удирдлага УАШ уламжлалт тэмцээнийг эс тооцвол хийж бүтээсэн гэж  хэлчихээр зүйлээр тун чиг хомс байгаа нь тус удирдлагын багийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах, эргэлзэн тээнэгэлзэх, итгэл алдрах явдал шатарчид, шатар сонирхогчид, шатрын зүтгэлтэнүүдийн дунд зүй ёсоор илэрч байна.

Аливаа удирдлагын баг юун түрүүн хөгжлийн бодлогоо боловсруулж түүнийхээ дагуу ажлын төлөвлөгөө гарган өдөр тутмын ажилдаа мөрдлөгө болгодог, гүйцэтгэлийг нь хянан эргэж хуралдаа тайлагнаж байдаг билээ. Гэтэл ямар бүтэц зохион байгуулалтаар ажиллаж байгаа нь тодорхой бус, хэн хэн нь ямар эрх үүрэгтэй болон холбооны дэд ерөнхийлөгчөөр хэн гэдэг ямар эрхэм ажиллаж байгаа нь бүрхэг, төсөв санхүүгийн тайлан балансаа тогтмол гаргаж тайлагнадаггүй, шатарчдын эрх ашгийг хамгаалах, тэдний дуу хоолойг төр засагт хүргэх, олон нийтэд сурталчилан таниулах  үүрэг бүхий мэдээллийн хэрэгсэл болох вэтсайт нь алдаг оног ажилладаг, шатарчид дасгалжуулагчдын ур чадварыг дээшлүүлэх сургалт семинарыг тогтмол зохион байгуулдаггүй, өсвөрийн шатарчдын талаар авч хэрэгжүүлсэн ажил гэхээр зүйлгүй хатуухан хэлэхэд МШХ нь зөвхөн цөөн хэдэн хүний хувийн сонирхол, эрх ашгийг гүйцэлдүүлэх арга хэрэгсэл болон хувирсан байна. Иймээс ажил үйлсдээ хоноцын сэтгэлээр хандаж буй одоогийн удирдлагад итгэл үзүүлэх эсэх талаар санал хураалт явуулж улмаар МШХ-ны ээлжит бус их хурлыг энэ 10-р сард багтаан хуралдуулах шаардлагатай.

Одоо мөрдөж буй МШХ-ны дүрэм нь бодит амьдралд эс зохицсон, Монголын шатрын хөгжлийг урагш  хөтлөх бус хойш  чангааж буй үндсэн хүчин зүйл гэдэгт өчүүхэнч эргэлзэхгүй байна. Иймд энэхүү зогсонги байдлаас хэрхэн гаргах талаар өөрийн бодлыг та бүхэнтэй хуваалцая гэж бодлоо.

Нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ:

-          Холбооны дүрмийг үндсээр нь өөрчилж ФИДЕ-гийн дүрмийн загварт тулгуурласан шинэ дүрэмтэй болох

-          Холбоо бусдаас хараат байж өөрөө өөрийгөө санхүүжүүлэх системийг нэвтрүүлэх (Гишүүнчлэлтэй болох. Холбооны гишүүн нь жилийн татвараа төлснөөр МШХ-ны их хуралд сонгогдох эрх эдлэнэ. Гишүүн нь МШХ-ноос зохион байгуулж буй уралдаан тэмцээнд хөнгөлөлттэй оролцох, эрх ашгаа хамгаалуулах, шагнал урамшуулалд тодорхойлуулах гэх зэрэг эрх эдлэх. Гишүүнээр зөвхөн шатарчид дасгалжуулагчид гэж явцууралгүй шатарт элэгтэй, шатрын төлөө гэсэн бизнесмен, эцэг эх болон нийгмийн бусад төлөөлөлийг сонгох. Өнөөг хүртэл 70-80 гэсэн цөөхөн гишүүдийн бүрэлдэхүүнээр асуудлыг шийдвэрлэж ирсэн нь бусдын хараа нөлөөнд амар хялбар автах сөрөг үр дагавартай байсан. Хэрэв бид 300-400 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр асуудлаа шийдвэрлэж байвал дээрх сөрөг  нөлөө арилах боломжтой ба  санхүү болон үйл ажиллагааны хувьд гадны нөлөөнөөс хараат байж өөрөө өөрсдийнхөө хувь заяаг өөрсдөө шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ. )

-          Ерөнхийлөгчөө сонгохдоо бид улс төрийн болон эдийн засгийн хэр чадавхитай вэ гэдгийг гол шалгуураа болгож ирлээ. Хичнээн ч сайд дарга нар сонгогдов. Өөдөлж дэвшсэн л юм алга. Хэдийгээр гадаад орнуудад ийм туршлага байдаг ч гэлээ манай орны хувьд үр дүнгээ өгсөнгүй. Одоо шалгууртаа өөрөөр ханддаг болоё.  Үнэхээр ажил хийё гэсэн чин эрмэлзэл, тухайн спортын нарийн ширүүнийг ойлгож мэддэг, удирдан чиглүүлэх авъяас чадвар зэргийг нь энэ тэргүүнд тавья. Тийм хүнээ ерөнхийлөгчөөр сонгоод эрхийг нь ч өгөөд үүргийг нь ч үүрүүлье.

-          Уралдаан тэмцээний тоог аль болох олшруулж давтамжийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Сар болгон стандарт, рапид, блицийн тэмцээнийг зохион байгуулж шатарчдын бие бялдар, сэтгэл зүйн чадавхийг хөгжүүлэн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх.

-          Төрөөс шатрын үндэсний шигшээ баг байгуулан цалинжуулж байгаа нь сайшаалтай сайхан хэрэг бөгөөд цаашид өсвөрийн үндэсний шигшээ баг байгуулах мөн шатар өндөр хөгжсөн орнуудаас өндөр зэрэглэлийн багш дасгалжуулагчид авчирж шатрын спортын сургалтыг онол арга зүйн шинэ түвшинд хүргэх хэрэгтэй.

-          Татвараас гадна санхүүжилт, хөрөнгө оруулалтын өөр бусад арга замуудыг олох. Жишээ нь пүүс компаниудтай алт мөнгөн түншлэлийн гэрээ байгуулах, стратегийн хөрөнгө оруулагч, ивээн тэтгэгчдийг МШХ-ны дэд ерөнхийлөгч, хүндэт гишүүнээр сонгох гэх мэт.

Гэх мэтчилэн оюун бодолд минь буй санаа онооноос цухасхан дурьдлаа. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэгчлэн та бүхэн минь ухаан бодлоо уралдуулж, санаа оноогоо хуваалцан энэ сайхан спортын хөгжил цэцэглэлтийн үрийг хамтдаа тарьцгаая.

Монголын Өсвөрийн Шатарчдын Клубуудын Холбооны тэргүүн Т.Сумъяа

2013.09.12

Улаанбаатар