Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

Т.Батчимэг: Шатрын олимпод оролцоно гэж найдаж байна

“Спортын шуудан” шинэ оны анхны дугаарынхаа зочноор Монголын шатрын холбооны 2011 оны шилдэг шатарчин “Мончесс” клуб, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны тамирчин Т.Батчимэгийг урилаа. Түүний ярилцлагыг хүргэе. 


-Юуны өмнө Монголын шатрын холбооны шилдэг шатарчин болсонд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцаач?

-2011 оны дөрөвдүгээр сард болсон улсын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа түрүүлсэн. Түүнээс хойш рапид, блиц, оюутны гээд дөрвөн улсын аварга шалгаруулах тэмцээний түрүүг авлаа. Мөн монгол шатрын тэмцээний аварга болсон. Хамгийн сүүлд Чин ван Ханддоржийн нэрэмжит дэлхийн монголчуудын анхдугаар олон улсын тэмцээнд амжилттай оролцож эрэгтэй олон улсын мастерын болзол хангалаа. Энэ бүхнийг маань үнэлж, бас ирэх онуудад илүү өндөр амжилт гаргаарай гэж шилдэг шатарчнаар тодруулсан байх. Өмнөх холбоодоос би ямар нэгэн шагнал хүртэж байгаагүй. Анх удаа ийм шагнал хүртсэндээ баяртай байна. Мөн миний багш Ц.Батсайхан оны шилдэг дасгалжуулагч болж баяр дээр баяр нэмсэн. 



-Өөрийгөө шилдэг нь болно гэж бодож байв уу? 

-Шилдэг тамирчин болно гэж бодоогүй. Надаас гадна их мастер Б.Мөнгөнтуулаас гээд амжилт гаргасан олон шатарчин өрсөлдсөн. Хамгийн гол нь дараа дараагийн тэмцээн уралдаанд амжилт гаргаарай гэсэн урам өгсөн гэж ойлгож байгаа. Анх удаа улсын аваргад түрүүлснээс хойш 2011 онд оролцсон бүхий л тэмцээндээ их тайван тоглосон. Холбооны удирдлагууд шинээр солигдсоноор шатарчдад илүү дэмжлэгтэй болсон. Тодорхой хэмжээний дэмжлэг байсан учраас амжилт нь сайн үр дүнтэй байсан болов уу. 

-2011 он бол Монголын шатарчдын хувьд үйл явдал өрнүүн, амжилт ч арвин байлаа. Тэгвэл өөрийн тань хувьд 2012 оныхоо зорилгыг тодорхойлж амжсан уу?


-Ер нь бол тэгш тоотой жилүүдэд ФИДЕ томоохон тэмцээнүүдээ зохион байгуулдаг. Энэ оны наймдугаар сард шатрын олимп, Азийн аварга, оюутны ДАШТ гэх мэт олон тэмцээн бий. Саяхан эрэгтэй олон улсын мастерын болзол хангалаа. 2012 он бол зорилгоо биелүүлэх гол жил байгаа. Тиймээс багштайгаа хамт төлөвлөгөө гаргасан. Энэ онд болох тэмцээнд уралдаанд хэрхэн оролцох, рейтингээ яаж ахиулах зэрэг. Хамгийн гол нь шатрын олимпод оролцоогүй 10 жил болсон байна. 2002 он анх 16 настайдаа шатрын олимпод оролцож дөрөвдүгээр байр эзэлж байсан. Тухайн ондоо би эмэгтэй олон улсын мастерын болзол хангасан юм. Уг нь 2010 оны Ханты-Мансийск хотод болсон олимпод оролцох хүсэл байсан ч намайг оролцуулаагүй. Тийм болохоор энэ удаагийн олимпод оролцоно гэж найдаж байгаа. Бүх хүч чадлаа дайчлаад, эх орныхоо нэрийг гаргана гэсэн бодолтой байна даа. 

-Хэчнээн балл авч байж эрэгтэй олон улсын мастер болдог юм бол?


-Шатарчдын хувьд цолоо ФИДЕ-гээс албан ёсоор авдаг. Б.Мөнгөнтуул бид хоёр эмэгтэй их мастер цолтой. Түүний хажуугаар эрэгтэйчүүдийн норм биелүүлж байсан гэсэн үг л дээ. Гурван норм биелүүлж, чансаа 2400-гаас дээш байвал эрэгтэй олон улсын мастер цол олгодог. Өөрөөр хэлбэл, эрэгтэйчүүдтэй эн тэнцүүхэн олон улсын мастерын төвшинд тоглож чадна гэдгээ гурван удаа нотолж байгаа юм. Аливаа спортод эрэгтэй, эмэгтэй хүний чадамж арай өөр байдаг шүү дээ. Харин шатрын спорт бол хүйсийн харьцаа бага мэдрэгдэнэ. Эмэгтэйчүүдэд илүү боломж гардаг. 

-Батчимэг мастер хэдэн настайдаа анх шатар тоглож сурав. Шатрын анхны нүүдлийг ямар хүнээр заалгаж байв?

-Зургаан настайдаа анх шатар тоглож сурсан. Анх ааваараа нүүдэл заалгаж байлаа. Манайхан удмаараа шатарчид. 

-Өөрөө шатарчин болох сонирхолтой байв уу. Эсвэл удам нөлөөлсөн үү?

-Мэдээж нөлөө байлгүй яах вэ. Миний ах, эгч нар бүгд тоглодог. Аав, ээж минь бидэнд шатар зааж, чиглүүлж, тэмцээн уралдаанд оролцуулдаг байсны хүчинд өдий зэрэгтэй яваа гэж бодож байна. Тийм болохоор гэр бүлийн нөлөөгөөр шатарчин болсон. 

-Анхны амжилтаа эргээд дурсвал?

 

-Яг сайн санадаггүй юм. Багынхаа юмыг харьцангуй бага санаад байгаа. Гэхдээ “Цодгор хүү” тэмцээн байсан юм болов уу. Яагаад гэвэл зургаан настайдаа хүүхдийн ордонд шагнал авч байгаа зураг байдаг юм. 

-Шатарчин гэр бүлийн онцлог нь юу юм бол?

-Манай аавын талынхан таван үеийн удмаараа шатарчид. Би бол тав дахь үеийнх нь шатарчин. Ах, эгч нараасаа их зүйл сурсан. Манай гэр бүлийнхнээс ФИДЕ мастер Н.Төвсанаа ах бид хоёр одоо идэвхтэй тоглож байна. Гэр бүлээрээ шатрын спортод дуртай учраас орон орны шатрын цуглуулга их байдаг. Миний өвөөгийн тоглож байсан нэлээд хуучны модон шатар хүртэл бий. 

-Тэгвэл шатарчдын удмаас яг одоогийн байдлаар шинээр шатарчин төрж гарч байна уу?

-Том эгч олон улсын мастер Т.Батцэцэгийн хүү Төгстөмөр маань бидний дараагийн үе болж тоглож эхэлсэн. Одоо таван настай. Их хөөрхөн тоглож байна лээ. Цаашлаад ах, эгч нарын хүүхдүүд, ирээдүйд миний хүүхэд ч гэсэн үргэлжлүүлээд тоглох байх гэж найдаж байна. 

-Ямар нэгэн тэмцээн уралдаанд амжилт үзүүлэхэд нөлөөлдөг гол хүчин зүйл юу байдаг вэ?

-Шатар бол харьцангуй ганцаарчилсан спорт. Тиймээс юун түрүүнд сайн дасгалжуулалт байх хэрэгтэй. Үүнээс гадна санхүүгийн асуудал, мөн бэлтгэл сургуулилт сайн байвал амжилт гаргах эх үндэс нь болно гэж боддог. Боломжтой бол аль болох олон тэмцээнд оролцвол бэлтгэл амжилт ахиж, сайжирна. Энэ дашрамд хэлэхэд, холбооны зүгээс бодлогоор болон санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа. 2010 оны арванхоёрдугаар сараас би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хорооны тамирчин болсон. Надад маш сайн тусалж, дэмжлэг үзүүлж байдаг учраас хамт олондоо талархал илэрхийлмээр байна. Мөн Архангай нутгийн зөвлөл,  Засаг даргын тамгын газар бас дэмжиж байгаа. Саяхан 2011 оны Архангай аймгийн шилдэг залуу тамирчин болсон. Мэдээж ХХААХҮ-ийн сайд Ж.Бадамжунайд баярласнаа илэрхийлэх нь зүйтэй. 

-Тамирчдын хувьд сэтгэл зүйн бэлтгэл хамгийн чухал байдаг. Энэ тал дээрээ хэнээс туслалцаа авдаг вэ?

-Шатар бол оюун ухааны спорт учраас сэтгэлзүй зайлшгүй хамт байдаг. Сэтгэлзүй тогтворгүй байх нь аливаа тэмцээнд уралдаанд сөргөөр нөлөөлж хожигдолд хүргэдэг үр дагавартай. Миний хувьд сэтгэлзүйн тусдаа зөвлөгөө авдаг мэргэжилтэн байхгүй. Багшдаа ярилцаад, зөвлөгөө авна. Ц.Батсайхан багш маань миний сэтгэлзүйч, бас дасгалжуулагчийн ажлыг давхар хийдэг. Ер нь бол тамирчин хүн сэтгэлзүйгээ зөв удирдаж чадвал амжилтад хүрнэ гэж ойлгодог. 

-Таны гадна төрхийг харахад сэтгэл хөдлөл их багатай юм шиг санагддаг. Яг бодит амьдрал дээрээ хэр сэтгэл хөдлөлтэй хүн бэ?

-Сэтгэл хөдлөл байлгүй яах вэ. Шатрын спорт чинь шууд сэтгэл хөдлөлөө илэрхийлж болохгүй. Бид нарын хувьд тухайн өрөгөө хожоод гараад ирсний дараахь тэр кайф, мэдрэмж бол юутай ч харьцуулашгүй. Миний хувьд амьдралаас сайхныг мэдэрч, сэтгэл хөдлөлөө нуулгүй илэрхийлдэг хүн. Шатрын спортоор хичээллэснээр олон зүйлд суралцдаг гэж боддог. Энэ нь сэтгэл хөдлөлд ч хамааралтай. Ер нь бол амьдралын амтыг мэдрэх дуртай. 

-Тоглолтын дараа хэр их ядардаг вэ?


-Маш их ядардаг. Нэг тоглолт 5-7 цаг үргэлжилдэг учраас ядрах нь их. Ялангуяа тэмцээн дууссаны дараа шатарчид өөрийн эрхгүй унтдаг. Гэхдээ бид нарын хувьд өөрийнхөө стрессийг тайлахын тулд зайлшгүй өөр төрлийн спортоор хичээллэх шаардлагатай. Яагаад гэвэл шөнө унтахдаа хүртэл нүүдлээ бодоод байдаг юм. Ер нь дэлхийд алдартай шатарчид шатраас гадна заавал өөр төрлийн спортоор хичээллэдэг. Зорьсон зорилгодоо хүрье гэж бодвол зайлшгүй спортоор хичээллэх нь зүйтэй. 

-Тэгвэл өөрөө ямар спортыг сонгож хичээллэж байна вэ?

-Би гүйх дуртай. Бас гэртээ дасгал хийдэг. Дасгал хийхгүй бол миний бие нозоороод юу ч хийж чаддаггүй. Ер нь хүн хөгширч үхэхгүй хөшиж үхдэг гэсэн үгийг амьдралдаа баримталдаг. Заавал спорт зааланд очиж гүйх харайхдаа гол нь биш. Өөрийнхөө байгаа орчинд энэ бүх боломжоо үүсгэх хэрэгтэй юм. Өдөрт 30 минутыг зарцуулахад л болно шүү дээ. 

-Дэлхийн шилдэг шатарчид хэр олон удаа тоглож байсан бэ?

-Эмэгтэй шатарчидтай харьцангуй цөөхөн тоглосон юм билээ. Өсвөрийн ДАШТ-д оролцохдоо тоглож байсан. Энэтхэгийн их мастер Конеру, Хятадын Жао Сьюэ, Францын Себаг Мария гэх мэт үе тэнгийнхээ шатарчидтай багадаа их тоглосон. Дараа нь олимпиадад таарч нүүсэн. Харин Америкт байдаг шатарчидтай их тоглосон. Гата Камский, Накамура гэх мэт их мастеруудтай тоглож байсан. 2009 онд Монголд ирснээсээ хойш гэвэл одоогийн дэлхийн аварга Хоу Ифань, Жао Сьюэтэй Азийн наадмаар тоглож байлаа. Ер нь бол эмэгтэй шилдэг шатарчидтай тоглох боломж нь арай бага байсан юм болов уу гэж боддог. Тийм учраас 2012 онд болох тэмцээн уралдаанд эмэгтэй шатарчидтай илүү түлхүү тоглох байх. 

-Найжел Шорттой нүүж байсан гэж сонссон?

-1998 онд гэр бүлээрээ Монголд ирсэн юм. Тухайн үед манай аав Монголын шатрын холбооны ерөнхийлөгч ажиллаж байсан. Аавын урилгаар Найжел Шорт гэр бүлтэйгээ ирж, надад түүнтэй таван минутын блиц тоглолт хийх боломж гарсан юм. Одоо ч гэсэн Найжел Шорттой гэр бүлийн хүрээнд холбоотой байдаг. 

-Өөрөөсөө чансаа өндөртэй шатарчинтай тоглоход сэтгэлзүйд хэр дарамттай байдаг вэ?


-Чансаа өндөртэй ямар ч шатарчинтай анх тоглоход сандардаг. Түүнээсээ болоод буруу нүүх тохиолдол ч гарч байсан. Ганцхан надад ч биш бүх хүнд тийм сандрал байдаг. Ер нь аль болох тайван байж чадвал амжилт гаргадаг. 2006 онд эрэгтэй их мастер Фишбейн гэж хүнийг Америкийн аварга шалгаруулах тэмцээнд хожсон юм. Тэр бол миний хожсон анхны эрэгтэй их мастер байсан. Түүнийг хожсоныхоо дараа маш их урам авсан. Ер нь өөрөөсөө өндөр чансаатай хүнийг хожиход урам ордог юм билээ. 2006 оны Америкийн аваргад би гурван эрэгтэй их мастерыг хожиж их мастерын норм биелүүлсэн. Тэмцээний дараа би ч гэсэн хичээвэл их мастер болж чадах юм байна гэсэн урам авч байлаа. 

-Батчимэгийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Бусад хүмүүстэй харьцуулахад манай шатарчид сайхан амьдралтай гэж боддог шүү. Дуртай юмаа хийж байна. Өглөө босоод дасгалаа хийсний дараа клуб дээрээ ирж бэлтгэлээ хийнэ. Гэртээ хийх шаардлагатай үед гэртээ бэлтгэл хийдэг. Найз нөхөдтэйгээ уулзана. Шатрын бэлтгэлтэй байхад цаг хугацаа маш хурдан өнгөрдөг. Нэг л мэдэхэд орой болсон байна. Бидний хувьд ихэвчлэн амралтын өдрүүдэд дотоодын тэмцээн уралдаантай байдаг. Ер нь бол тэмцээнтэй үед өдөр хурдан өнгөрнө. Тодорхой баригдсан цаг байхгүй. 

-Ямар мэргэжилтэй вэ. Мэргэжлээрээ ажиллая гэж боддог уу?

-Биотехнологич мэргэжилтэй. 10 жилд байхдаа биологийн хичээлд их дуртай байсан. Одоохондоо мэргэжлээрээ ямар нэгэн зүйл хийж эхлээгүй. Шатартаа илүү анхаарал хандуулж байна. Залуу, бас ид тоглож байгаа дээрээ зорилгоо биелүүлж санасан амжилтаа гаргахыг илүүд үзсэн. Зорилгоо биелүүлсний дараа мэргэжлээрээ ажиллана гэж боддог. 

-Монголд шатрын спортоор амьдралаа залгуулах боломж хэр байдаг юм бол?

-Шууд хангалттай гэж хэлж чадахгүй. Шатрын тэмцээний шагналын сан бусад спортыг бодвол харьцангуй бага. Тэгээд ч тэмцээн бүр дээр шагнал аваад байна гэж байхгүй. Ялангуяа эмэгтэй шатарчдын хувьд эрэгтэйчүүдтэй тоглодог. Эрэгтэйчүүдийг хожиж түрүүлнэ гэдэг хүнд л дээ. Бид тэмцээнд яах гэж ордог вэ гэхээр рейтингээ ахиулж, нормоо биелүүлэх гэж оролцдог. Түүнээс биш аливаа тэмцээнд оролцохдоо тэр бүр шагнал хардаггүй. Харин оюуны спортыг ойлгож дэмждэг хүн сүүлийн үед олон гарч ирж байна. Зөвхөн тэмцээний шагнал урамшууллаар амьдарна гэвэл хэцүү шүү дээ. 

-Шатарчдын хувьд гэр бүл зохиохдоо удаан юм шиг санагддаг. Ихэвчлэн 30-аас дээш насандаа энэ асуудал дээр анхаарал хандуулдаг юм шиг байна. Өөрөө энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Хүн хүнээсээ шалтгаална. Амжилтад хүрнэ гэж бодож байгаа бол тодорхой хэмжээний золиос гаргах хэрэгтэй. Гэхдээ мэдээж хүнтэй суухгүй гэсэн үг биш. Надад авьяас, боломж байна. Тийм учраас үүнийгээ ашиглаж эх орныхоо нэрийг гаргахыг хүсч байгаа. Намайг сайн ойлгож, дэмждэг хүнтэй гэрлээд илүү их амжилтад хүрэхийг ч үгүйсгэхгүй. 
 

 

Б.Мөнхзул

“Спортын шуудан” сонин