Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

Б.Мөнгөнтуул: ДАШТ-ээс мөнгөн медаль хүртээд их л сонин болсон

VIP булангийн маань энэ оны анхны зочин бол шатрын спортын олон улсын мастер Батхуягийн Мөнгөнтуул. Энэ нь түүний эрчүүдтэй өрсөлдөж байж хүртсэн цол бөгөөд эмэгтэйчүүдийнхээ ноён оргил их мастерын болзлыг 15-хан настайдаа биелүүлсэн нь манайдаа анхных юм. Тэрбээр Монголын шатрын спортод олон зүйлээр анхдагч. 2000 онд спортын мастер, эмэгтэйчүүдийн олон улсын мастер цолыг хамгийн залуудаа (12 настайдаа) хүртэж, өсвөрийн ДАШТ-ий анхны хүрэл (2001 он), мөнгөн (2005) медалийг эх орондоо авчирсан гавьяатай. Басхүү насанд хүрэгчдийн ДАШТ-д эх орон нэгтнүүдээсээ анхлан оролцсон (2008) билээ.
Мөнгөнтуул шатрыг хэнээр ч заалгаагүй. Таван настай бяцхан охин аавынхаа ахад нь зааж байхыг харсаар байгаад сурсан гэдэг. Түүний дасгалжуулагч, басхүү менежер, сэтгэлзүйч нь ч гэж хэлж болох аав Д.Батхуяг нь 2000 онд ОХУ-ын Удирдлагын асуудал судлах олон улсын хүрээлэнд эрдэм шинжилгээний тэргүүлэх ахлах ажилтнаар ажиллах болж, гэр бүлээрээ Москва хотыг зорьсон. Энэ нь энэ удаагийн зочны маань хувьд шатрын гүрэнд суралцах сайхан боломж байсан юм. Мөнгөнтуул үүнээс өмнө ОХУ-ын Элчин сайдын яамны дэргэдэх дунд сургуульд амжилттай суралцаж байсан тул хэлний асуудал тулгараагүй.

Монголчууд бид түүнийг сайн тамирчин гэдгийг нь нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг ч хувь хүн талаас нь төдийлөн мэддэггүй. Уулзаад үзэхэд даруухан хэрнээ яриа хөөрөө сайтай, их энгийн юм билээ. Тэрбээр Москва хотын Коньково дүүргийн 20 дугаар дунд сургуулийг 2005, Нийгмийн их сургууль (РГСУ буюу Российский государственний социальный университет)-ийг 2010 онд төгссөн бөгөөд хойд хөршид яг 10 жил болсныхоо дараа эх орондоо амьдарч байна.

МЕТРОГООР ЯВАХ АМАР, АВТОБУС ХҮЛЭЭХ ХЭЦҮҮ

-Таны амьдарч байсан Коньково дүүрэг Москвадаа хамгийн цэвэр агаартай нь. Тиймээс Улаанбаатарын утаа танд маш хэцүү санагдаж байгаа байх?

-Москвад манай гэрийн хажууд “Тропаревский леспарк” хэмээх ой шиг их модтой, дундаа нууртай, нуурынхаа хажуугаар зугаалах талбайтай, хүүхдийн тоглоомтой цэцэрлэгт хүрээлэн байдаг. Би өдөрт таваас зургаан цаг шатрын бэлтгэл хийдэг болохоор толгойгоо сэргээх гэж тэр цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалдаг байсан. Харин Монголд маань утаа ямар байгааг хүн бүр мэдэж байгаа. Ханиад хүрчихээд эдгээж чадахгүй л явна (инээв). Жаахан хүндрэлтэй байгаа ч утаа багасна гэдэгт найдаж байна.

-Танд дунд сургуулиа төгссөний дараа олон урилга ирэхэд Нийгмийн их сургуулийг сонгосон. Шатрын тэнхимтэй болохоор нь ийм шийдвэр гаргасан уу?

-Би гэрийнхээ ойролцоох сургуулиудын нэгэнд орно гэж боддог байсан. Харин намайг 11 дүгээр анги төгсөх жил Нийгмийн их сургуулийн тэнхмийн эрхлэгч Александр Николаевич Костьев аав бид хоёртой уулзсан юм. Тэрбээр “Манай сургуульд шатрын тэнхим нээгдсэн. Мөнгөнтуулыг энэ ангид суралцахыг урьж байна. Манайд шатрын багш нар бий. Бид тэмцээн уралдаанд оролцоход чинь туслах болно” гэсэн болохоор нь сонгосон. Гэхдээ Нийгмийн их сургууль манай гэрээс их хол. Талдаа цаг хагас, хоёр талдаа гурван цаг явна. Эхэндээ хэцүү байсан шүү (инээв).

-Таван жилийн турш өдөр бүр гурван цаг явсан уу?

-Үгүй ээ. Энэ байдал гурван жил үргэлжилсэн. Намайг гуравдугаар курст байхад (2008 онд) аавын ОХУ-д ажиллах хугацаа дуусч, манай гэр бүлийнхэн Монгол руу буцсан юм. Харин би сургуулийнхаа оюутны байранд орсон (инээв). 

-Метрогоор их явдаг байсан уу?

-Тийм шүү. Сургуульдаа явахдаа метро, автобус дамждаг байсан. Метрогоор явах их амар. Хоёр минутын зайтай ирдэг болохоор цагаа баримжаалж болдог. Харин автобус хүлээх л хэцүү.

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг байв?

-Найзуудтайгаа уулзаж, кино үзэж, хотоор зугаалдаг байсан. Москвад зун нь бүх юм ногоороод их гоё болчихдог. Өвлийн улиралд нь Тропаревскийн цэцэрлэгт хүрээлэнд цанаар гулгадаг байсан. Гэхдээ нэг их сайн биш ээ. 

-Москва өртөг өндөртэй хот. Тэнд баргийн хүн хүссэнээрээ амьдраад байдаггүй байх?


-Тийм шүү. Аавд байгууллага нь хоёр өрөө байр өгсөн. Түүнээс биш байр хөлслөөд амьдарна гэдэг амаргүй. Ер нь Москвад тэгж амьдрах боломжгүй. Биднийг анх очиход юмны үнэ арай гайгүй байж. Харин одоо метроны картны үнэ л гэхэд гурав дахин өсч, 20-иод рубль болсон байна билээ. Монголд ч гэсэн юмны үнэ өндөр байна. Яг харьцуулаад үзэхэд Оросынх арай гайгүй ч юм шиг. Москвад хямдрал болоход гоё юм авчихаж болдог. Харин манайд тийм зүйл алга. 

ДЭЛХИЙН АВАРГА БОЛНО ГЭЖ БОДОХ ЭВГҮЙ ЮМ БИЛЭЭ

-Таны оролцсон анхны олон улсын тэмцээн бол 1994 онд Унгарын Сегед хотод болсон өсвөрийн ДАШТ. Хамгийн сонирхолтой нь эхний өрөгт ОХУ-ын Александр Костенюк (Б.Мөнгөнтуулын мөнхийн өрсөлдөгч ч гэж хэлж болно)-тэй таарсан. Үүнийг хувь заяа гэж боддог уу?

-Яг бодсон чинь сонин юм байна шүү. Тэр олон хүүхэд байхад эхний тойрогт таарч байдаг. Би их амархан хожигдсон юмдаг. Тэгэхэд аав намайг загнаж байсан. Костенюк аргагүй сайн байсан л даа. Тэр 10 настай, насны ангилалдаа тулчихсан байсан бол (Тэмцээн 10 хүртэлх насны ангилалд болсон) би долоо хүрээгүй байлаа. Костенюкийг маш сайн тоглож, тасархай түрүүлсний дараа аав “Муу хүүхдэд хожигдоогүй юм байна” гэж билээ (инээв). 

-Тэр тэмцээний үеэр хажуудаа суусан өнгөт арьст хүүхдийг сонирхож байгаад нэг өрөгтөө хожигдсон гэдэг юм билээ?

-(Инээв). Биднээс шал өөр хүн байгаа юм чинь. Жаахан хүүхдэд гадаад улсын бүх зүйл сонин байсан. Олон улсын анхны тэмцээндээ оролцохоор аав, ээжийнхээ хамт Москвагаар дайрч Сегедэд очиж байснаа мартдаггүй.

-Английн их мастер Найжел Шорт 1997 онд манай улсад ирж, 20 гаруй шатарчинтай зэрэг тоглолт хийхдээ нэг тэнцэж, бусдыг нь хожсон байдаг. Түүнд хожигдоогүй ганц хүн нь та юм билээ?

-Би ганцаараа биш шүү дээ. Бадрах гэж тэр үед их сайн тоглодог байсан хүүхэд бас тэнцсэн. Тухайн үед мундаг шатарчинтай тоглож байгаадаа баярлаж байсан бол хараар тоглож тэнцээд бүр их баярласан. Үүнээс их урам авсан шүү.

-Испанийн Оропесад болсон 2001 оны өсвөрийн ДАШТ-ий тухай асуухгүй байж чадахгүй нь. Эхний найман өрөгтөө бүгдэд нь ялалт байгуулсан ч гурав дараалан хожигдоод хүрэл медальтай үлдэхэд юу бодогдож байв?

-Тэгэхэд 11 өрөг тоглодог байсан. Эхний өргүүдэд Гүржийн Саломе Мелиа, ОХУ-ын Мариа Фоминых нарын хүчтэй өрсөлдөгчөө бүгдийг нь хожоод байлаа. Сэтгэл санааны бэлтгэл маш их хэрэгтэйг тэгэхэд ойлгож авсан. Би сүүлчийн өргүүдээ маш сайн санаж байна. Найм хожсоныхоо дараа дэлхийн аварга болоход жаахан л үлдлээ гэж бодогдоод эвгүй болчихдог юм билээ. Сандраад унтаж ч чадахгүй байсан. Тэгээд сүүлчийн гурван өрөгтөө чансаа багатай тамирчдад хожигдсон. Харамсалтай байгаа биз (инээв).

-Есдүгээр өрөгт анхны ялагдлаа амссан нь хүнд цохилт болсон уу?

-Тийм шүү. Польшийн шатарчин Золанта Завадска миний урд тоглож байгаагүй гарааг хийхэд нь балмагдаад их амархан хожигдсон. Одоо бодоход нэг хожигдсон ч гэсэн “Би тэргүүлж яваа. Надад хоёр тоглолт бий. Түрүүлэх боломж их байна” гэж өөрийгөө тайвшруулж чадаагүй. Яалт ч үгүй туршлага дутсан. Уг нь сүүлчийн гурван өргөөс нэг оноо авахад л түрүүлэх байсан юм

МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЭЭД ИХ Л СОНИН БОЛСОН ДОО

-Францын Бельфор хотод болсон 2005 оны өсвөрийн ДАШТ-д та гарцаагүй аваргалах байсан ч тэнцүү оноотой тамирчдын байрыг өсөх кэоффициентээр эзлүүлээгүй нь мөнгөн медаль дээр буухад нөлөөлсөн. Энэ ямар учиртай юм бэ?

-Тэр үед оноо тэнцсэн тамирчдын байрыг өсөх кэоффициентээр эзлүүлдэг байсан. Өрөг болгоны дараа гаргадаг хүснэгт дээр ч дандаа өсөхөөр бичигдэж байсан. Би эхнээсээ түрүүлж явсан болохоор миний энэ үзүүлэлт сайн байлаа. Тиймээс сүүлчийн өрөгтөө ялалт байгуулаад дэлхийн аварга боллоо гэж бодсон. Хэдийгээр өөр хоёр охин (Гүржийн Мака Пурцелазе, Польшийн Жоанна Маждан) хожвол надтай ижил оноотой болох ч би дээр нь бичигдэнэ гэдэгтээ итгэлтэй байсан. Тиймээс тэдний тоглолт ямар ч хамаагүй юм шиг санагдаж байлаа. Аав бид хоёр баярлаад, ээж рүү “Дэлхийн аварга болчихлоо” гэж ярьсан. Байрандаа очоод монголчуудтайгаа баярлаад бөөн юм болсон. Харин хаалтын ажиллагааны үеэр намайг хоёрдугаар байрт орсон гэж зарлахад нь ёстой шоконд орж байгаа юм чинь. Зөвхөн хөвгүүд, охидын 18 хүртэлх насны ангиллын тэмцээнийг өөр системээр шалгаруулсан юм билээ.

-Өөр систем гэдэг нь яг юу билээ?

-Шатарчдын рейтингийн дундаж. Зохион байгуулагчдаас “Яагаад ийм юм болчихов оо” гэж асуухад “Та нар дүрмээ уншаад үз” гэсэн. ОУШХ энэ дүрмийг тэр ДАШТ-д туршсан юм билээ. Дүрмийг тэр болгон уншаад байхгүй шүү дээ. Мөнгөн медаль хүртээд их л сонин болсон (инээв). Гэхдээ том амжилт. 

-Хэрвээ санхүүгийн асуудлаас болж 2002, 2003, 2004 оны ДАШТ-ийг өнжөөгүй бол аварга болчих байсан гэж боддог уу?

-Москвад байсан болохоор тэр жилүүдийн өсвөрийн УАШТ-д оролцож чадаагүй. Улсын аварга болсон хүүхдийг ДАШТ-д оролцоход байр, хоолыг нь даадаг бол бусад нь өөрсдөө хариуцдаг. Ингээд гурван жил өнжсөн. Харин 2005 он миний өсвөрийн ДАШТ-д тоглох сүүлчийн жил байсан. Аав бид хоёр бүр зорьж, хоёр хүний зардал олоод Бельфорд очиход тийм юм болсон доо.

-Өсвөрийн ДАШТ-ийг гурван жил өнжсөндөө харамсдаг уу?


-Тэр үед дэлхийн шатрын олимпиад болон Москвад болдог тэмцээнүүдэд оролцсон болохоор нэг их харамсаад байдаггүй. Нээрээ би өсвөр үеийнхний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож үзээгүй юм байна. 

-Москвад амьдардаг байсан болохоор уу?

-Тийм ээ. Хол болохоор (Москвагаас) өндөр зардалтай байсан. 

-Д.Номин-Эрдэнийг 2010 онд өсвөрийн Азийн болон дэлхийн аварга болж, таны хүрээгүй медалийг хүртэхэд юу бодогдож байв?

-Маш их баярласан. Монголчууд өсвөрийн ДАШТ-ий бүх медальтай боллоо шүү дээ. Сая А.Энхтуул хүрэл медаль хүртсэн. Энэ нь Монголын шатрын спорт, тэр дундаа эмэгтэйчүүдийнх илүү хөгжиж байгаагийн илрэл. Д.Номин-Эрдэнэ 10 хүртэлх насны ангилалд түрүүлсэн. Түүнд өсвөрийн ангилалд тоглох олон жил байгаа. Өөр ирээдүйтэй өсвөрийн шатарчин манайд олон бий. 


ГАРРИ КАСПАРОВТОЙ ТОГЛОХЫГ ХҮСДЭГ


-Шатарчдын рейтингийн дундаж гэдэг зүйл танд дахин нэг гай болсон байдаг?

-Тийм ээ. 2006 онд Армений Ереванд болсон залуучуудын (20 хүртэлх насны) ДАШТ юм. Тэмцээн өндөрлөхөд тэр үед их сайн байсан Шень Ян, одоогийн дэлхийн аварга Хоу Ифань гэсэн хоёр хятад болон Гүржийн Саломе Мелиа бид дөрөв 9.0 оноотой зэрэгцэж, би дөрөвдүгээр байрт орсон (инээв).

-Тэгэхэд танд хожигдсон Шень Ян, Хоу Ифань алт, мөнгөн медаль хүртсэн. Энэ үед олон хүн швейцарь системийг шүүмжилж байлаа?

-Надад л ийм зүйл тохиолдсон болохоос биш швейцарь систем гайгүй л дээ. Тэр тэмцээнд бас л оноо тэнцсэн тохиолдолд тоглосон шатарчдын рейтингийн дунджийг тооцож үзсэн юм. Би тэмцээний дүн гарахын өмнө “Миний чансаа тэр гурваас бага болохоор дундаж өндөр байх ёстой. Медаль бол байгаа” гэж бодсон ч санаснаар болоогүй. 

-Дэлхийн шилдэг шатарчдаас хэнтэй нь тоглохыг хүсдэг вэ?

-Бараг бүгдтэй нь тоглож үзсэн. Өмнөх үеийнхнээс гэвэл Гарри Каспаров.

-Шатрын бэлтгэлийн тухай тайлбарлаж өгөөч. Тийм уйтгартай зүйл байдаг юм уу?

-Гайгүй шүү дээ. Бидний ажил юм чинь (инээв). 

-Компьютертэй тоглоно гэж яг яадаг юм бэ?

-Шатрын программ байдаг юм. Бид үүнийг анализ хийхдээ ашигладаг. “Рыбка” бол хамгийн сүүлийн үеийн мундаг программ. Гэхдээ компьютертэй хааяа л тоглодог. Үүний тусламжтайгаар гараа болон сайн өргүүдийг судалдаг.

-Тэмцээний статистикаа хөтөлдөг үү?

-Нэг их хөтлөөд байдаггүй. Харин аав надаас ой тогтоолт сайтай болохоор мэдэж байгаа байх. Би заримыг нь мартчихдаг юм (инээв). 

УЛСЫН АВАРГА БОЛЖ АМЖААГҮЙ ЯВНА


-Шатрын тэмцээн болгон дундаа амралтын өдөртэй. Энэ өдрийг хэн сайн ашиглаж, амарч чадсан нь үлдсэн тоглолтуудаа амжилттай хийдэг. Та энэ өдрийг хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Олон улсын тэмцээнд оролцоход зохион байгуулагчид нь амралтын өдрийн хөтөлбөр гаргасан байдаг. Ихэвчлэн аялал зохион байгуулж, тухайн хотынхоо гоё сайхан бүхнийг үзүүлэхийг хичээдэг юм. Тэмцээнтэй үед өглөө босч цай уугаад өрөгтөө бэлтгэнэ. Тэгээд өдөр нь тоглож, орой дуусдаг. Ер нь тэмцээн болж байгаа улс, хоттой танилцах боломж хомс байдаг л даа. Тиймээс хэчнээн ядарч байсан ч амралтын өдрийн хөтөлбөрт хамрагдахыг хичээдэг.

-Та насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлж үзээгүй. Энэ нь таны заавал биелүүлэх зорилгын нэг байх?

-Тэгэлгүй яах вэ. УАШТ-ээр эмэгтэйчүүдтэй гурван удаа тоглохдоо 2000, 2002 онд 12, 14 настайдаа мөнгөн медаль хүртсэн. Харин эрэгтэйчүүдтэй хоёр удаа тоглохдоо дөрөвдүгээр, 11 дүгээр байрт орсон. Насанд хүрэгчдийн УАШТ-д таван удаа л оролцсон юм байна. 

-Та ДАШТ, олимпиад, Гранпри, Азийн наадам, оюутны “Универсиад”, багийн ЕАШТ гээд олон тэмцээнд оролцсон. Оролцож үзээгүй томоохон тэмцээн бий юу?

-Бүгдэд нь тоглоод үзсэн юм байна. 

-Олимпийн төрлийн спортын тамирчдын гол зорилго нь олимпийн наадам байдаг. Харин шатарчдын хувьд хамгийн нэр хүндтэй тэмцээн аль нь вэ?

-ДАШТ. Саяхнаас Дэлхийн цом нэртэй болсон ч хасагдах систем нь хэвээрээ байгаа. Дэлхийн цом, Гранпри тэмцээний аваргууд дэлхийн аварга цолын төлөө тоглодог болсон. 

-Шатарчдаас допингийн шинжилгээ авдгнйг саяхан мэдлээ. Энэ тухай тайлбарлаж өгөхгүй юу?

-Зарим том тэмцээний үеэр авдаг болсон. Анхаарал төвлөрүүлэх эм байдаг гэсэн. Би 2010 онд оюутны ДАШТ, сая “Универсиад” (2011 оны)-д оролцохдоо допингийн шинжилгээ өгсөн. 

БИ АЙЛЫН ЭРХ ОХИН

-Уучлаарай. Анзаараад байхад таны медалийн ихэнх нь мөнгө байх юм?

-(Инээв). Хамгийн анхны медаль минь мөнгө байсан. Түүнээс хойш мөнгөн медалийн буухиа эхэлсэн гэх үү дээ.

-Бас аавтайгаа байнга хамт явах юм?

-Таван настай байхаас минь хойш шатрын тэмцээнд байнга дагуулж яваа. Одоо ч гэсэн миний бэлтгэлд их тусалдаг. Харин сүүлийн жилүүдэд олон улсын тэмцээнд надтай хамт явахгүй байгаа. Би насанд хүрснээс гадна эдийн засгийн байдлаас болж ингэх боломжгүй болсон. Уг нь дотны хүнтэйгээ хамт явж, туслуулахыг их хүсдэг. Гэхдээ аав минь интернэтээр холбогдож, зөвлөгөө өгдөг. 

-Спорт сонирхогчид таны аавыг маш сайн мэднэ. Харин ээжийн тань тухай төдийлөн мэддэггүй?

-Миний ээжийг Л.Наранцэцэг гэдэг. Их хөдөлмөрч, зөөлөн ааштай хүн бий. Манай гэр бүлийн ар талыг дааж, аав бид хоёрыг шатраас өөр зүйлд санаа зовохгүй байлгадагт нь их баярладаг. Ээж маань намайг ер нь загнадаггүй. Айлын эрх охин болоод ч тэр үү надаар гэр орны ажил ч бага хийлгэдэг (инээв).

-Ээж тань морин спортын мастер юм уу?

-Тийм ээ. Энэ спортын мастер цолыг хүртсэн Монголын гурав дахь эмэгтэй тамирчин. Дунд ангиасаа хичээллэсэн ч ахыг төрүүлснийхээ дараа больсон гэсэн.

-Шатрын спорт өвлийн олим­пийн наадмын хөтөл­бөрт багтана гэж яригдаад байгаа?

-Манай Кирсан Илюмжинов (ОУШХ-ны ерөнхийлөгч) олим­пийн хөтөлбөрт багтаах гэж их хичээж байгаа. Зуных биш юм аа гэхэд өвлийн олимпод багтчихаасай. Шатар “Сочи-2014” өвлийн олимпийн наадамд үзүүлэх төрлөөр орох юм билээ.

-Та сая “Манай Илюм­жинов” гэж ярилаа?

-Үгүй ээ (инээв). Шатрын хүн болохоор нь тэгсэн юм.

-Илюмжинов халимаг хүн. Монгол, халимагуудыг уг­саа нэгтэй гэдэг. ОУШХ-ны ерөнхийлөгч тантай хэр дотно байдаг вэ?


-Нэг их дотно биш ээ. Тэр намайг монгол гэж мэддэг, би тэмцээн уралдааны үеэр тааралдахаараа мэндэлдэг. Би өнгөрсөн жилийн Гранприд (2010 оны) К.Илюмжиновын урилгаар оролцсон.

-Та Москвад шилдэг дас­галжуулагч нартай ажил­лаж байсан. Тэд нарын цагийн төлбөрийг их өндөр гэх юм билээ. Нууц биш бол ямар үнэтэй байдаг вэ?


-Цагийн төлбөр нь 100 гаруй ам.доллар гээд явж өгнө. Харин би тэд нартай ажиллаж чадахгүй шүү дээ (инээв). Би гэрээсээ холгүй орших Москва хотын Хүүхдийн шатрын ордонд явдаг байсан. Тэнд 18 хүртэлх насныхныг үнэгүй сургадаг. Багш нь долоо хоногт нэг удаа ганцаарчилсан хичээл зааж, бүх хүүхдэд лекц уншдаг. Харин нэмэлт хичээл төлбөртэй. Бид долоо хоногт нэг удаа лекцэнд сууж, хоёр удаа ганцаарчилсан хичээл заалгадаг байсан. 


ЗАРИМ ЗҮЙЛИЙГ МОНГОЛООР ИЛЭРХИЙЛЭХ ХЭЦҮҮ

 

-Москва, Улаанбаатарын аль нь хүйтэн бэ?

-Москвад градусыг нь харвал гайгүй, -10 хэм орчим байдаг. Харин чийглэг болохоороо бараг Монгол шиг хүйтэн. Зузаан хувцаслахаар хөлс гараад, нимгэн байхаар даардаг нь жаахан ядаргаатай. 

-ОХУ-д дахиж олон жилээр амьдрах бодол бий юу?

-Байхгүй ээ. Сургуулиа төгссөний дараа аспирантурт гурван жил суралцах боломж байсан ч Монголдоо ирэхээр шийдсэн.

-Германд амьдарч байгаад ирсэн хүмүүс зарчимч байдаг. Харин оросууд танд юу сургав?

-Ер нь орос, монголчуудын ааш зан төстэй шүү дээ. Оросууд Европын бусад орныг бодвол ааш муутай, хүнд сурталтай гэмээр. Европчууд танихгүй хүнтэй ч гэсэн инээгээд найрсаг байдаг бол оросууд тийм биш. Харин нөхөрлөөд ирэхээр хүн­лэг, тусч шүү. 

-Москваг санадаг уу?

-Тэмцээн уралдаан гээд ирж, очоод байдаг болохоор гайгүй. Нэгдүгээр сарын сүүлчээр “Москва опен”, “Аэрофлот” гэсэн хоёр тэмцээнд оролцохоор явна. Москвад хэд хонох зүгээр. Тэнд манай найзууд сурдаг болохоор гоё байдаг. Харин жаахан удвал гэрээ санаад эхэлдэг. Нээрээ, манай Нийгмийн их сургуулийн захирал Василий Иванович Жуков Москвагийн шатрын холбооны ерөнхийлөгч болсон. Шатрыг их дэмждэг, “Москва опен” тэмцээнийг жил бүр сургууль дээрээ зохион байгуулдаг юм.

-Сурагчдын дэлхийн аварга А.Энхтуул одоо Нийгмийн их сургуулийн шатрын ангид суралцаж байгаа биз дээ?


-Тийм. Хэлний бэлтгэлд суралцдаг.

-Та хэдэн хэл мэддэг вэ?


-Монгол, орос. Харин англи хэлэндээ муу.

-Тэгвэл орос, монголын алинаар илүү сайн ярьдаг вэ?

-(Инээв). Зарим зүйлийг монголоор илэрхийлэх хэцүү байдаг юм. Бүр багаасаа орос хэлийг сурч, энэ хэл дээр ном уншдаг болохоор тэр байх. Гэхдээ мэдэхгүй орос үг олон байгаа. Би Орост сурч байсан монгол найз нартайгаа уулзахаараа орос, монгол холиод ярьдаг. Биднийг харсан хүн “Маяглаж байна” гэж боддог байж магадгүй. Гэхдээ энэ нь бидэнд амар байдаг юм.

-Аль улсынх нь телевизийн сувгийг их үздэг вэ?

-Оросын. Яагаад гэвэл илүү сонирхолтой юм гардаг. Би зурагт нэг их үздэггүй л дээ. 

НАЙЗ ЗАЛУУ БАЙХГҮЙ ЭЭ

-Шатар олимпийн бус тө­рөл болохоор төр засгаас энэ спортод хандах хандлага жаахан сул байх шиг. Энэ тухай таны бодлыг сонирхъё?

-Олимпийн төрлийн спортоо илүү дэмждэг юм шиг санагддаг. Гэхдээ шатар огт дэмжигддэггүй ч биш л дээ. Манай шатарчид гайгүй амжилт үзүүлж байгаа болохоор дэмжиж тусалдаг. 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс Монгол Улсын шатрын шигшээ баг байгуулагдаж байгаа (Энэ ярилцлагыг оны өмнө авсан). Манай шатрын хөгжил арай өөр болох байх. Шатрын шигшээ баг 1990-ээд он хүртэл байсан юм билээ.

-Та байнгын ивээн тэтгэгчтэй болсон уу?

-“Оюутолгой”-той байгуулсан жилийн гэрээ өнгөрсөн зун дууссан. ХААН банктай гэрээгээ яг байгуулаагүй байгаа.

-Олон улсын тэмцээнд оролцох замын зардалд санаа зовохгүй байж чадаж байна уу?


-(Бодолхийлэв). Аав маань хөөцөлдөөд, БТСГ, МҮОХ, пүүс компаниудад хандаад л явж байна. 

-Таныг Зэвсэгт хүчний жанжин штабын шинэ жи­лийн баярт оролцож байхыг хараад гайхсан шүү?


-Би долдугаар сарын 1-нээс “Алдар” спорт хорооны тамирчин болсон шүү дээ.

-Таныг оны шилдэг оюу­тан тамирчнаар тодроход ШУТИС-ийн Математикийн менежментийн сургуулийн оюутан гэж байсан. Энэ сур­гуульдаа сурч байгаа юу?


-Тэмцээн уралдаан, бэлтгэл сур­гуулилалт  их болохоор чө­лөө авчихсан байгаа. 

-Ер нь сурах уу?

-Цаашид суралцана гэж бодож байгаа. Гэхдээ математикийн чиглэлээр үү гэдгээ сайн мэдэхгүй байна.

-Таныг зарим хүн орос найз залуутай гэж боддог юм билээ?

-Орос найз залуу байхгүй ээ (инээв).

-Тэгвэл монгол найз залуу байгаа юм байна?

-Монгол ч байхгүй (инээв).

-Москвад хэн нэгэнтэй үерхэж байсан уу?

-Үгүй.

-Тэгвэл тийшээ явахаасаа өмнө найз хөвгүүнтэй байсан уу?

-Юу гэж дээ. Би тэгэхэд дөнгөж 12 настай байсан юм чинь (инээв).

-Ярилцсанд баярлалаа.

Д.Нанжид

“Өдрийн шуудан” сонин