Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

Дөрвөн жил хүлээсэн амжилтандаа хүрсэндээ баяртай байна

Дөрвөн жил хүлээсэн амжилтандаа хүрсэндээ баяртай байна


Цэгмэдийн Батчулуун. "Монгол туургатан 2011" Олон улсын тэмцээнээс Их мастерын болзол хангасан. Өсвөрийн УАШТ-ний зургаан удаагийн аварга. Насанд хүрэгчдийн тэмцээнээс нэг алт, хоёр хүрэл, бүх ард түмний спартакиадын аварга, түргэн тоглолтын улсын гурван удаагийн аварга, Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс багаараа хүрэл медаль хүртсэн гээд тэрээр манай шилдэг, амжилт нь ид гялалзаж яваа шатарчдын нэг юм. Ингээд түүнтэй уулзаж цөөн асуултад хариулт авснаа хүргэе.


-Юуны өмнө Их мастерын болзол хангасанд баяр хүргэе?
-Баярлалаа. Мэдээж зорьж байсан зорилгодоо хүрсэн болохоор сэтгэл өндөр байна. Гэхдээ нэгэнт их мастерын болзлоо хангасан болохоор одоо Дэлхийн шатрын холбооны хурлыг л хүлээж байна. Уг нь надад 2007 онд энэ болзлыг хангах боломж байсан. Харамсалтай нь чадаагүй. Сая болсон тэмцээний бүрэлдэхүүн нэлээд хүчтэй. Оролцсон арван шатарчны тал нь Их мастер цолтой чансаа өндөртэй тамирчид байсан.


-Шатрын спортоор хичээллээд хэдэн жил болж байна?
-Бараг 19 жил болох гэж байна. Таван настай байхдаа шатрын спортоор хичээллэж эхэлсэн. Анхны багш маань "Хоршоолол" нийгэмлэгийн н.Нямдорж гэдэг хүн байдаг. Тэгээд 14 наснаасаа одоог хүртэл гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн дээр бэлтгэл сургуулилтаа базаадаг болсон. Бусад спортын төрлүүдийг бодвол шатар бол хувиараа комьпютерийн сайн програмтай тоглоод гэртээ бэлтгэлээ хийгээд боломжтой. Харин тэмцээний үеэр хэнтэй тоглох оноолт нь гарахаар тухайн хүний тоглолтын өргийг нь судалдаг юм.

-Сэтгэлд хоногшсон өргийн талаар яриач?
-2006 онд Туринд болсон олимпиадад анх удаа насанд хүрэгчдийн том тэмцээнд оролцож эхний өргөө нэгдүгээр ширээн дээр Азарбейжаны их мастерийг хараар тоглож хожиж байсан. Харин хожигдсон өрөг гэвэл 2007 оны Азийн аваргаар Энэтхэгийн их мастертай гурван хүү илүү хожлын байрлалаас хожигдсон тэр тоглолт санаанаас гардаггүй юм.

-Дэлхийн шилдэг хэн хэнтэй нь тоглож байв?

-Монголынхоо эрэгтэй эмэгтэй бүх шатарчидтай өгөө аваатай тоглодог. Харин "томчууд"-аас дэлхийн чансааг тэргүүлж байгаа Энэтхэгийн Их мастер Анандтай тоглож байсан. Мөн олон улсын тэмцээнд хүчтэй их мастеруудтай таарч байсан.

-Монголын шатарчдын ур чадварын талаар таны бодол?
-Манай шатар ид хөгжлийн үедээ байна гэж боддог. Ялангуяа эмэгтэй шатарчид их сайн байгаа. Их мастер Б.Мөнгөнтуул, А.Энхтуул, Д.Номин-Эрдэнэ нарыг нэрлэж болно. Сүүлийн үед шатрын спорт их хөгжиж байна. Зарим ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт орсон байх жишээтэй.

-Оюуны спортоор хичээллэсний давуу тал...?

-Ер нь шатрын спортоор хичээллэсэн хүн их хүлээцтэй, аливаад шийдвэр гаргахдаа нэлээд хянуур ханддаг байх. Мөн их төлөвшүүлдэг, тэвчээртэй болгодог. Учир нь шатар нүүгээд удаан суудаг. Нүүдэл болгоныг зөв хийх гэж тооцоолно.

О.Ууганжаргал

Эх сурвалж: http://news.gogo.mn/r/98757