Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

“Хүрэл медальдаа сэтгэл хангалуун байгаа”

Enhtuul2011Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн ФИДЕ мастер А.Энхтуултай цөөн хором ярилцлаа. 

-Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. Сэтгэгдэл ямар байна вэ?

-Баярлалаа. Сэтгэгдэл маш өндөр байна. Монгол Улсаас дэлхийн аваргаас медаль авсан гурав дахь шатарчин боллоо. 

-Өрсөлдөгч нар хэр хүчтэй байв. Тэмцээний зохион байгуулалтын талаар юу хэлэх вэ?


-Өрсөлдөгч нар маш хүчтэй байсан. Их мастер болон олон улсын мастерууд их байлаа. Хамгийн чухал өрөг ОХУ, Гүрж, Молдав, Унгартын шатарчинтай хийсэн тоглолтууд байсан. Зохион байгуулалтын хувьд жаахан тааруу байсан гэж хэлмээр байна. 

-ОХУ-д суралцахын хажуугаар тэмцээн уралдаанд оролцоод, бэлтгэл сургуулилтаа хийх боломж гарч байна уу?

-Би ОХУ-ын Ниймгийн ухааны их сургуулийн шатрын факультед суралцдаг. Тийм учраас тэндээ тогтмол бэлтгэлтэй байдаг. Дараа нь хичээлээ нөхнө дөө. 

-Медалийн өнгөө хувиргах боломж байсан санагдана. Өөрийнхөө тоглолтод сэтгэл хангалуун байгаа юу?

-Мэдээж медалийг хувиргах боломж байсан. Бүх зүйл долдугаар өргөөс шалтгаалах байлаа. Дүгнэлт хийлгүй яах вэ. Тэмцээний үеэр Ц.Батсайхан багш маань их тусалсан. Миний хувьд хүрэл медальдаа сэтгэл хангалуун байгаа. Дараа жил би 18 настай болно. Тэр үед даагаа нэхэх бодол байна. 

-Залуудаа “Алтан гадас”-аар энгэр мялаасан. Бас Ерөнхийлөгчийн тэтгэлэг хүртсэн. Тэр үеэ эргээд дурсвал?

-Намайг сурагчдын дэлхийн аваргад түрүүлэхэд “Алтан гадас” одон хүртээсэн. Мөн тэтгэлэг ч өгсөн. Төр засаг маань тамирчдаа их дэмжиж байгаад баяртай явдаг. Надад маш их урам хайрласан. “Алтан гадас” одон миний энгэрт хүндэдсэн боловч энэ сайхан нэр хүндийг дааж явахыг хичээж байна. 

-Ойрын үед ямар тэмцээнд оролцохоор төлөвлөж байна вэ?

-Удахгүй эхлэх рапидын тэмцээнд оролцоно гэсэн төлөвлөгөөтэй ирсэн. Энэ тэмцээнд л оролцоно доо. 

-А.Энхтуул гэдэг хүн хэзээнээс шатар тоглож эхэлсэн бэ?

-Би есөн настайдаа анх морины нүүдэл Ц.Батболд багшаараа заалгаж, “Төр Монгол” дугуйланд суралцсан. Одоо 17 настай. Шатрын спортод хүнд нөлөөлөх олон сайхан зүйл байдаг учраас тууштай хичээллэхээр шийдсэн. 

-Өөрийнхөө зорилгыг тодорхойлбол?

-Тодорхой хэмжээний зорилго тавьсан байгаа. Үүндээ хүрэхийг чухалчилдаг. Зорилгодоо хүрэхийн тулд маш их хөдөлмөрлөх хэрэгтэй байна.  

-Санхүүгийн талаар асуухгүй өнгөрч болохгүй юм шиг санагдлаа. Ер нь бол тамирчдын санхүүжилт хэцүү байдаг шүү дээ. ДАШТ-д энэ асуудлаа хэрхэн шийдэв?

-Энэ бол тамирчин хүн бүрийн өмнө тохиолддог гол асуудлын нэг. Шатрын тэмцээн бусад спортуудыг бодвол харьцангуй удаан үргэлжилдэг учраас байр хоолны зардлаас авахуулаад өртөг их өндөр байдаг. Азийн тэмцээнүүд ам.доллараар, харин дэлхийнх еврогоор хэмжигддэг. Сая дэлхийн аваргад явахад УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл гуай их дэмжиж, тусалсан. Олон хүний дэмжлэг туслалцаагаар энэ тэмцээнд оролцож амжилт гаргалаа. Намайг тусалж, дэмждэг хүмүүсийнхээ итгэл, найдварыг алдахгүйг хичээдэг. “Монгол чех металл” компани, Сэлэнгэ аймгийн удирдлага, “Бороо гоулд” компани намайг голчлон дэмждэг. Хүмүүс өмнө нь шатрын спортыг нэг их хайхардаггүй байсан гэж би хувьдаа ойлгодог. Харин одоо оюуны спортыг бага зэрэг ойлгодог болсон юм болов уу. Ирээдүйд бид оюун ухаан, мэдлэг боловсролоороо зөв хөгжинө гэж боддог юм. 

-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Сүүлийн асуултыг чамд үлдээе. Магадгүй асуугаагүй зүйл үлдсэн байж болох юм?

-Тайван алхсан хүн ямар ч урт замыг ажрахгүй туулна. Бодлоготой, хүлээцтэй эхэлсэн ажил амжилтад гарцаагүй хүрнэ. Эрхэм сайхан зан чанартай бол оюун ухаан амар амгалан байдаг гэж гоё үг бий. Үүгээр ярилцлагаа дуусгамаар байна. 

“Спортын шуудан” сонин